Орос улс ардчилалд шилжээд эхний 10 жилд сансрын шинжлэх ухааны салбар нь төдийлөн хөгжөөгүй. Шинэ зууны эхээр энэхүү салбарын ирээдүйг тодорхойлж, үүнд олон тэрбум рубль зарцуулах болсон юм. 2020 он гэхэд Оросын пуужин, сансрын салбар дахь үйлдвэрлэлээ хоёр дахин нэмэгдүүлнэ гэж 2013-2020 оны сансар судлалын үйл ажиллагааг хөгжүүлэх улсын хөтөлбөрт нь өгүүлжээ. Тус улс пуужин, сансрын техник, аж үйлдвэрийг хөгжүүлэхээр ажиллаж байна.

Тухайлбал Алс Дорнодын “Восточный” шинэ сансрын хөлгийн буудлаас хөөргөх “Ангара-А5” шинэ пуужинт цогцолборыг ашиглалтад оруулахаар төлөвлөжээ. Мөн “Плесецк” болон Казахстан дахь “Байконур” сансрын хөлгийн буудлуудыг шинэчилнэ. 2018 онд Олон улсын сансрын станцад Оросын модулиудыг 5-7 хүртэл нэмэгдүүлэхээр төлөвлөгөөнд тусгагдсан байна. Түүнчлэн ГЛОНАСС (GPS-тэй ижил) системээр координатыг 0.6 метр хүртэл тогтоох зорилт тавьжээ. Цоо шинэ хиймэл дагуул хөөргөх замаар ийм үр дүнд хүрэхээр төлөвлөсөн байгаа аж. Эрдэм шинжилгээний ажлын хүрээнд гурван хиймэл дагуул хөөргөж, “Луна-Глоб”, “Луна-Ресурс” буулгах станцуудын тусламжтайгаар сарыг судлах хөтөлбөрийг хэрэгжүүлэх төлөвлөгөөтэй байгаа нь Оросын хувьд нэн чухал ажил юм. Тус улсаас гадна 2020-2025 он гэхэд АНУ, БНХАУ саран дээр газардаж, тэнд байгалийн баялгийн судалгаа шинжилгээ, хайгуул явуулахаар төлөвлөсөн билээ. Дээрх хөтөлбөрийн хүрээнд Оросын тал гариг хоорондын нислэгийн технологийг хөгжүүлэх зорилт тавих юм. Тухайлбал, сар руу хүний хийх нислэгийг хангах жолоодлогот хөлгийн системийг 2020 он гэхэд боловсруулна. Гэхдээ мэргэжилтний ярьснаар сар руу нисэх, газардах нь адилхан ажиллагаа биш аж. “ЗХУ-ын домогт “Союз” сансрын хөлгийн төсөл ийм нислэг хийх боломжийг агуулсан” гэж Оросын сансар судлалын академийн гишүүн Юрий Караш онцлов. Тэрбээр “Энэ нь Олон улсын сансрын станц руу нислэг хийхэд бэлэн байгаа “Союз-ТМА” сансрын хөлгийг сар руу явуулна гэсэн үг биш. Үүнийг шинэчлэх хэрэгтэй. Шинэ сансрын хөлөг шаардагдахгүй. “Энерги” сансрын корпораци 100 сая ам.доллар төлөөд “Союз” сансрын хөлгөөр сар руу аялалын нислэг хийхийг таван жилийн өмнө санал болгосон” гэв. Сар руу нисэх шинэ сансрын хөлгийг зохиохын хамт тус гариг дээр буух техникийг бүтээх хэрэгтэй гэж Юрий Караш үзэж байгаа юм. Хэрэв буух техникийг байгуулахгүй бол Америкийн хөтөлбөрийг давтах хэрэг болно. “Аполло-8” багийн гишүүд 1968 онд сарыг тойрон ниссэн юм. 2013-2020 оны Оросын сансрын үйл ажиллагааг хөгжүүлэх хөтөлбөрт засвар, нэмэлт оруулж магадгүй байгаа аж. Учир нь өндөр технологи шаардах сансрын хөтөлбөр нь 3-4 жилийн дотор технологи нь хуучирдаг. Тиймээс Кремлийн зүгээс сансар судлалд нэмэлт хөрөнгө гаргахаас татгалзахгүй аж. Энэ долоо хоногт Оросын сансрын агентлагаас сансрын салбарыг шинэчлэх саналуудыг Засгийн газарт хэлэлцүүлэхээр оруулна. Үүнтэй холбогдуулан таван нэгдэл байгуулахаар төлөвлөжээ. Өөрөөр хэлбэл, тус улсын сансар судлалын салбар төр болон бизнесийнхний оролцоог тэнцүүлж, компаниуд өндөр технологийг ашиглах юм.

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу
Нэрээ оруулна уу