NASA 2013 онд MAVEN (Mars Atmosphere and Volatile Evolution) нэртэй тойрог замын хөлгийг Ангараг гаригт илгээж түүний агаар мандлыг судалж эхэлсэн юм.

Тэгвэл энэ судалгааны эхний дүн гарч өчигдөр NASA нэгэн сонирхолтой нээлт хийснээ зарлалаа.

Эрдэмтэд Ангараг гариг хэдэн тэрбум жилийн өмнө дулаан, чийглэг уур амьсгалтай байсан гэж таамагладаг. Тэгвэл өнөөдөр энэ гариг хуурай, хүйтэн гариг болон хувирчээ.

Өнөөдөр Ангарагийн агаар мандал манай дэлхийн агаар мандлын дөнгөж нэг хувьтай тэнцүү хэмжээтэй байдаг.

Сүүлийн судалгаагаар Ангараг гаригийн агаар мандал нь огторгуйд бага багаар алдагдаж байгааг олж тогтоосон байна.

MAVEN-ы илрүүлснээр өнөөдөр Ангараг секунд тутамд 100 грамм агаарыг сансар огторгуйд алдаж байна. Энэ хэмжээ нь наран дээр соронзон шуурга дэгдэхэд хүчтэй нэмэгддэг байна.

Хэдийгээр алдагдал нь бага хэмжээтэй ч хоёр тэрбум орчим жилийн дараа огт агаар мандалгүй болохоор байгаа гэнэ.

Эндээс дүгнэхэд эрт цагт Ангараг амьдрал тээсэн, дулаан, нягт агаар мандалтай, устай гариг байжээ.

Харин 4.2 тэрбум жилийн өмнө нарны соронзон шуурганаас гаригийг хамгаалж байсан Ангарагийн соронзон орон ямар нэг шалтгаанаар устсан бололтой. Үүнээс болоод Ангараг гариг хамгаалалтгүй болсноор нарны соронзон шуурга уг гаригийн агаар мандал, гадаргын усанд шууд нөлөөлдөг болж эхэлсэн байна.

Ангарагийн түүхийг дүрсэлсэн видео:

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу
Нэрээ оруулна уу