НАСА-гийн “Кеплер” дуран авай өнгөрөгч хоёр жилийн турш Хунт (Cygnus) ордын орчимд оршдог 150 мянга гаруй эрхэс гаригийг ажиглан судалжээ.

Хамгийн том гаригуудыг нь холбовол далавчаа байдгаараа дэлгэж, дүүлэн нисч буй хунгийн дүрс бүхий зураасан зураг шиг харагдах уг орд дэлхийгээс 560 орчим гэрлийн жилийн алсад оршдог. Аварга “Кеплер” дуран авайг гол төхөөрөмжөө болгосон “Кеплер” судалгааны багийнхны зорилго алс тэртээд ч хамаагүй оршиж байж мэдэх дэлхийтэй төстэй гаригийг олох юм.

Дэлхийтэй төстэй гариг нарны аймгийн гадна бий нь гарцаагүй бөгөөд хүн төрөлхтөнд одоогоор мэдэгдээд буй ордуудаас хамгийн боломжит орд нь Хунт ордын аймаг аж.

“Кеплер”-ийнхэн зорилгодоо хүрээгүй л байна. Төрх, хэлбэрээрээ дэлхийтэй төстэй ч амьдрал агуулж чадахаар жижиг, оршин тогтнож чадахаар таатай уур амьсгалтай нь өнөөг хүртэл олдоогүй. Гэхдээ өнгөрөгч бямба гаригт Сеатль хотод болсон Америкийн одон орон судлаачдын нийгэмлэгийн нэгдсэн чуулганы үеэр НАСА-гийн эрдэмтэд хоёр дахь дэлхийг олох ажил шат ахисныг зарлав.

“Кеплер” судалгааны багийнхан дэлхийгээс ердөө 40 хувиар том гариг олсон нь нарны аймгийн гаднаас олдсон 500 орчим гаригаас одоогоор хамгийн жижиг нь гэнэ. Кеплер-10б гэгдсэн тэрхүү гариг жин, хэмжээний хувьд аварга том бишийн дээр Бархасбадь, Далайн ван шиг ердөө мөс, хийнээс бүрдээгүй. Харин яг дэлхий шиг хөрс шороотой аж.

Шинэ гаригийг танилцуулах үеэр мэргэжилтнүүд Кеплер-10б гариг олдсоныг түүхэн нээлт гэжээ. Бүтцийн хувьд дэлхийтэй төстэй ч уг гаригийн нартайгаа дэндүү ойр зайг мэргэжилтнүүд гол асуудал гэж үзэж байна.

Дэлхий нарнаас 93 сая миль буюу 150 сая км-ийн зайд оршдог бол Кеплер-10б болон нар хоорондын нь зай ердөө 3.2 сая км аж. Тиймээс Кеплер-10б-ийн гадарга наран талдаа фарангейтийн 2500 буюу цельсийн 1370 хэм гэсэн үг. Энэ нь галт уулын лаваас ч халуун юм. Амьдрал байх аргагүйг нэг талаар нотолж байгаа ч энэ баримт Кеплер-10б-ийг үхсэн гариг гэж дүгнэхэд хүргэхгүй.

Мэргэжилтнүүдийн тайлбарлаж байгаагаар гаригийн гол “найрлага” хөрс шороо гэдэг нь л хамгийн онцлууштай баримт гэнэ. Сансар судлаачид дэлхий шиг хөрс шороотой гариг хаа нэгтээ бий ч олдоно гэдэгт саяхныг хүртэл итгэлгүй байжээ. Сансрын уудамд хоёр дахь жилээ ажилласан “Кеплер” дуран авайнаас ирсэн мэдээллээс гадна Хавай дахь “Кек” дуран авайн мэдээллүүд Кеплер-10б-ийг чулуу, шорооноос бүрдсэнийг нотолсон байна.

Хоёр дуран авайн мэдээлэл дэх гаригийн жин, хэмжээ зэргийг нэмбэл гаригийн нягтрал гарна. Кеплер-10б дэлхийнхээс 1.6 дахин нягт бөгөөд энэ нь уг гаригийн татах хүч дэлхийгээс мөн их гэсэн үг.

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу
Нэрээ оруулна уу