Их ажлын дараа гэртээ ирэн алжаалаа тайлж аяга кофе ууж суухдаа та юу боддог вэ ? Магадгүй ертөнцийн сонин хачинг сонирхон эргэцүүлдэг байх. Жишээ нь би гэрлийн хурдаар явдаг байсан бол 2 цаг хотын түгжрэлд зогсож цаг алдахгүй байлаа. Яагаад бид гэрлийн хурдаар явж чаддаггүй юм бэ ?… гэх мэт сонирхолтой зүйл бодон тухлан суух үе байдаг л байх. Эрт үед магадгүй хэн нэгэн нь бас “би яагаад нисэж чаддаггүй юм бэ ?” гэж бодож байгаад онгоцыг зохион бүтээчихсэн ч юм билүү.

Зурагт хүн төрөлхтөнд жигүүр бэлэглэсэн ах дүү Райт буюу анхны нисэх онгоц бүтээсэн хүмүүсийг харуулж байна. 1903 оны арван хоёрдугаар сарын 17-ны өдөр тэдний нислэг хийх дөрөв дэх оролдлого амжилттай болон 59 секундэд 260 метр зам туулан анхны нисэх онгоц бүтээгдсэн түүхтэй.

 

Хэрвээ та гэрлийн хурдаар явж чаддаг байсан бол юу хийж чадах байсныг нэг төсөөлөөд үзье. Магадгүй өглөөний цайгаа Барак Обамагийн оройн зоогон дээр ууж, ажлын завсарлагаанаараа саран дээр очиж дэлхийтэй хамт сэлфи хийж болох юм.

Тэгвэл гэрлийн хурд гэж  юу вэ ? Бидний өдөр тутмын амьдралд юуг илэрхийлж байна вэ ?

Бид шөнө бүр тэнгэрт үзэгдэх зуун тэрбум оддыг хааяа харж байхдаа, зуун тэрбум оддын түүхийг, зуун тэрбум өөр цаг хугацааны мужтай нь, зуун тэрбум өөр өөр байрлалд харж байдаг.

 

Жишээ нь таны харж буй нэгэн од 800(орчим) гэрлийн жилийн цаана байна гэж бодоход та одоогийн одыг бус, тэр одны 800 жилийн өмнөх үйл явдлыг нь харж байх юм. Харин нөгөө талаас уг одны нэгэн гариг дээр магадгүй харийн нэгэн попкорн идэнгээ өндөр хүчин чадалт дурангаараа 800 жилийн өмнөх Чингис хааны байлдан дагуулалтыг ч харж байж болох юм. Хэрвээ ийм гэж үзвэл харийн хүн болон та хоёр нэг цаг хугацаанд оршин байгаа, гэхдээ нэгнийгээ харж чадахгүй ба зөвхөн одоогоос 800 жилийн дараа л харах боломжтой юм. Учир нь гэвэл гэрэл эгшин зуурт бус тодорхой хурд(300’000’000м/с)-тай тархдаг болохоор тэр юм.

 

 

Гэрлийн хурдыг ярихаас өмнө өөр нэг зүйлийг ярих хэрэгтэй байх. Ертөнцийн бүх зүйлийг өөрсдийн харъяалалдаа байлгадаг нэг тийм зүйл. Таны мөнхийн дайсан, та үргэлж түүнтэй уралдаж байдаг.

Үүнийг та юу гэж бодож байна ? Мэдээж энэ бол цаг хугацаа болон орон зай хоёр юм.

 

Английн математикч, физикч, одон оронч, теологич, байгалийн философич, алхимич Сэр Исаак Ньютон ертөнц дахины таталцлын хууль, хөдөлгөөний гурван хуулийг тодорхойлж түүнийгээ Кеплерийн гаригийн хөдөлгөөний хуулиудтай нийцүүлэн нарыг нарны аймгийн төв гэдгийг үзэгнийхээ үзүүрээр баталж байж. Масстай биес хоорондоо таталцдаг юм бол одод хөдөлгөөнгүй байж чадахгүй гэдгийг Ньютон мэдэж байв. Тэгвэл одод бие биедээ татагдан бүгд нэг цэг дээр уначихгүй байх шалтгаан нь юу вэ ? гэх асуултад хариу өгөх хэрэгтэй болов. Тэр хариулахдаа: хэрвээ орон зайн төгсгөлөг мужид төгсгөлөг тооны одод байсан бол ийм зүйл болох байлаа гэж хариулсан байдаг. Үүгээрээ тэр орон зайн хязгааргүй мужид, хязгааргүй олон одод байдаг гэсэн санааг илэрхийлээд байлаа. Эндээс л анх сансар огторгуй хязгааргүй гэсэн санаа гарч ирсэн байх. Гэвч үнэмлэхүй тайван бие гэж байхгүй, бүх биес хоорондоо харьцангуй хөдөлж байдаг гэсэн санааг түүний хууль илэрхийлээд байв. Үнэмлэхүй тайван бие үгүй бол, үнэмлэхүй орон зай ч бас байхгүй. Үнэмлэхүй орон зай гэж үгүй бол үнэмлэхүй цаг хугацаа ч гэж байхгүй болж таарлаа. Харин Ньютон өөрийн энэ гаргалгаанаас татгалзан орон зай, цаг хугацааг үл хувьсах абсолют буюу үнэмлэхүй хэмжигдэхүүн гэсэн зөнч үзэлдээ хөтлөгдөв. Өөрөөр хэлбэл цаг хугацаа хүн бүрийн хувьд ижилхэн ба хаана ч байсан адилхан утга заана гэж үздэг байж. Мөн цаг хугацаа, орон зай нь бие биеэсээ бүрэн тусдаа, хоорондоо үл хамаарах хэмжигдэхүүн хэмээн бодож байлаа. Хар ухаанаар бодоход хэмжигчид зөв цагтай явж байгаа л бол  хоёр үйл явдал хоорондын хугацаа нэг л утгыг заадаг баймаар юм сонин юм аа. Гэвч үгүй бололтой. Илүү ойлгомжтой болгохын тулд нэгэн жишээ авч үзье.

Жишээ 1. Бат, Баяр хоёр байдаг байж л дээ. Хаха за энэ Бат, Баяр хоёр хангалттай л олон жишээний гол дүр боллоо. Энэ удаад Санчир, Энх-Амар гэсэн хоёр админаараа жишээ авъя. Хоёр админдаа хичээлд нь явах замд нь тус тусад нь устай уут бариулаад усан дуслууд зэрэг дусалж байхаар уутыг цоолъё. Газарт унасан усан дусал бүрийн хоорондын зайг нэгж хугацаа(нэг секунд, хоёр секунд, эсвэл минут юу ч байж болно) гэж үзэе. Энх-Амар хичээлдээ дугуйгаар явсан тул түрүүлж очиж. Харин Санчир хичээлээ тараад найз охинтойгоо уулзах байсан тул алхаж явсан байна. Хоёр админы явах замдаа үүсгэсэн усан дуслуудын мөрийг хооронд нь харьцуулж харвал Энх-Амар хурдан явж байсан тул түүний усан дуслын мөр Санчирынхаас хол хол үүссэн байна. Энэ нь  хурдан явж байгаа биеийн хувьд цаг хугацаа сунаж, удааширдаг гэсэн үг юм. Жишээ 2. Энэ удаад Санчир зогсож, харин Энх-Амар алхаж(хөдөлж) байгаа гэж төсөөлөе. Тэгвэл Санчирын усанд дуслууд нэг л газарт дусах болно. Харин Энх-Амарын бол хоорондоо зайтай дусах болно. Өөрөөр хэлбэл зогсож байгаа хүний хувьд зөвхөн цаг хугацаа л урсаж байдаг байна. Хөдөлж эхэлмэгц цаг хугацааны урсгалын зарим хурд нь орон зайгаар аялах хурд уруу шилжин цаг хугацаа удааширдаг байнa. Яг л гурвалжны гипотенуз нь катетаасаа урт байдаг шиг.

 

Яагаад ингэж мэдэгдэхүйцээр бидний амьдралд тохиолддоггүй учир нь бид хэт бага хурдтай хөдөлдөг болохоор юм. Магадгүй гэрлийн хурдтай дүйцэхүйцээр хөдөлдөг байсан бол уг үйл явдлыг ажиглаж чадахаар байлаа.

Үүнийг бидний мэдэх олон олон кинонд ашигласан байдаг. Ялангуяа X-Men киноны Quicksilver-ын дээрх үзэгдэлд маш сайн харуулдаг.

Гэрлийн хурд нь үргэлж тогтмол бөгөөд орон зай, цаг хугацаа нь ажиглагчийн хурднаас шалтгаалж гэрлийг тогтмол хурдтай байлгахын тулд хувьсаж байдаг байна. Энэ бол онолын физикийн салбарт маш том хувьсгал хийсэн Харьцангуйн тусгай онол хэмээх Эйнштейний нээлт байлаа.

Яагаад бид гэрлийн хурдаар аялж чахадгүй гэж ?

Эрт үед хүн төрөлхтөн гэрлийг эгшин зуурт л тархдаг гэж үздэг байж. Өөрөөр хэлбэл гэрэл үүсгэгч хол ойр нь хамаагүй, бүх газарт эгшин зуурт л зэрэг хүрдэг гэж боддог байсан байна. 1676 онд Данийн одон оронч Оле Христенсен Рёмер Бархасбадь гаригийн дагуулуудын хөдөлгөөнийг  ажигласны үндсэн дээр гэрлийн хурдыг тогтоосон. Гэхдээ нарийвчлалтай бус байсан ч үүгээрээ гэрлийг эгшин зуурт тархдаггүй ба тодорхой хурдаар тархдаг гэдгийг тогтоосон юм.

Гэрэл нь долгионлог болон бөөмлөг шинжтэй. Гэрлийн бөөмийг фотон гэдэг ба эффектив масстай гэж үздэг. Тэгвэл эффектив бус масстай бидний хувьд гэрлийн хурдаар аялах боломжтой юу ? (Бидний массыг тайвны масс гэдэг. Учир нь бид тайван байхдаа тогтмол масстай, харин фотон нь тайван үедээ массгүй байдаг байна.)

Хэрвээ чаддаг байсан бол та үдийн цайгаа ангараг дээр уун, орой нь харих замдаа Парис орж Эйфелийн цамхаг дээр сэлфи хийн instagram-даа зураг нэмж, буцах замдаа өмнөд туйл орж тэжээвэр пенгүйнүүдээ хооллоод ирэх нь нүд ирмэх мэт амархан байлаа.  Гэвч гэрлийн хурдны 10%-д хүрэхэд таны масс 0.5%-иар нэмэгдэнэ, харин 90%-д хүрэхэд масс тань 2 дахин нэмэгдэх ба энэ мэтчилэн гэрлийн хурданд дөхөн очих үед хязгааргүй их масстай болох юм. Учир нь таныг хөдөлгөж байгаа энерги, масс уруу тань хувираад байгаа юм тиймээс л гэрлийн хурдаар аялахийг хүсвэл та хязгааргүй их массыг хөдөлгөх хязгааргүй их энергитэй байх хэрэгтэй ба уг хязгааргүй энерги тань хязгааргүй их масс уруугаа үргэлж хувирч байх юм. Үүнийг ойлгохын тулд нэгэн жишээ авч үзье л даа. Маш том жин хэмжигч байж гэж бодъё. Уг жин дээр хоорондоо багагүй зайтай А, Б гэсэн хоёр цэг тэмдэглэе. Би энэ жин дээр гараад А цэгээс Б цэг хүртэл удаанаар алхаж байя жин (жин гэдэг таталцлын орны нөлөөгөөр биед үйлчлэх хүч. Биеийн жин масстай шууд хамааралтай ч тэнцүү биш. Гэвч энэ тохиолдолд бидний, олонхын хэлж заншсанаар масс гэж авч үзлээ) хэмжигч 56кг гэсэн утгыг тогтмол заах болно. Харин А, Б цэгийн хооронд гэрлийн хурдны 90 хувьд хүрэх хэмжээний хурдаар гүйе гэж бодъё. Тэгвэл хэмжигч 112кг гэсэн утгыг үзүүлэх ба би маш хурдан гүйснээрээ А болон Б цэгт нэгэн зэрэг хэмжигдэж байна гэсэн үг юм. Үнэндээ бол А цэгээс Б цэгийн хооронд ууссан мэт харагдах болно. Харин яаж би хоёр дахин их масстай болсон бэ ? гэвэл миний хөдөлж буй кинетик энерги масс руу шилжээд байгаа хэрэг. Гэвч надад тийм ч их энерги байхгүй ба би өөрөө ч оргүй хоосноос энерги үүсгэж чадахгүй. Тиймээс бидэн шиг тайван үедээ масстай байдаг бөөмсөөс бүрдсэн биетүүд гэрлийн хурдаар хөдлөнө гэдэг боломжгүй болж байгаа юм. Зөгнөлт кино шиг л байгаа биз(гэж хажуугаас Санчир хэлэв).

Орчлон ертөнцөд бидний гайхшралыг төрүүлдэг их олон зүйлс байх юм. Модыг шатааж, дулааныг үйлдвэрлэн, үйлдвэрлэсэн дулаанаасаа цахилгаан гарган, гаргасан цахилгаанаа гэрэл, дулаанд хувиргах гэх мэт энергийн гинжин хэлхээн дунд бидний өдөр тутмын амьдрал өрнөдөг байна. Мөн масс бол энергийн өөр нэгэн хэлбэр гэдгийг Эйнштейн “E=mc2”  гэх томьёогоороо илэрхийлдэг. Өөрөөр хэлбэл “m” масстай бие “E” хэмжээний энерги өөртөө агуулж байдаг байна.

Исаак Ньютон, Алберт Эйнштейн аугаа хоёр суут эрдэмтэд

1687 онд Исаак Ньютон анх таталцлын харилцан үйлчлэлийн хүчийг нээж байж.

Харилцан үйлчлэлийн 4 хүч байдаг ба хүчнийх нь эрэмбээр багаас нь их рүү нь нэрлэвэл.

Хамгийн сул харилцан үйлчлэлийн хүч нь таталцлын хүч ба хол зайд үйлчилдэг, үргэлж татах хүч байдаг ба түлхдэггүй. Мөн гравитон гэгдэх 2 спинтэй бөөмөөр зөөгддөг гэж төсөөлдөг ба долгионлог шинжтэй гэдийг нь өнгөрсөн 2016 онд баталсан билээ.

Харьцангуйн ерөнхий онол(1915 он)-д татах хүчийг өөрт агуулагдах масс, энергийн нөлөөгөөр орон-цагийг муруйлгадаг гэж тодорхойлдог байна.

2 ихэр ах дүүсийн нэг нь сансраар аялаад ирэхдээ дэлхий дээр үлдсэн ихрээсээ арай залуужсан байдаг гэж үздэг ба үүнийг ихрийн парадокс гэж нэрлэдэг байна.

Сансарт бүтэн жил болсон Америкийн одон орон судлаач Скот Келли дэлхий шиг их масстай биeийн ойролцоо цаг хугацаа удааширдаг гэдгийн өөрийн биеэр нотолсон (Цаг хугацаа удааширдаг тул бид хурдан хөгширч байна). Тэрээр дэлхийн төвөөс хол буюу сансарт байсан Скот Келлигийн хувьд дэлхий дээр болж байгаа үйл явдлууд удаан болж байж. Тийм учраас дэлхий дээр ирэхдээ тэр ихэр ахаасаа хамаагүй залуу харагдаж олны гайхшралыг төрүүлсэн бололтой.

Гэвч ийм залуу харагдаж байгааг нь харьцангуйн онолоор тайлбарлах нь тийм ч оновчгүй. Таталцалгүй орчинд нэг жил байсан ба түүний цусны эргэлт болон эд эсийн харилцан үйлчлэл хамаагүй бага байсантай холбоотой байх, мөн бас бусад шалтгаанууд байна.

Хар кофе ууж суухдаа бид харьцангуйн онол хүртэл их хол явжээ. Эйнштейний энэ гайхамшигтай онолоор бол “Бид «одоо» гэдэг цаг хугацааны галт тэргэнд суун «өнгөрснөөс ирээдүй рүү» аялж байгаа зорчигчид. Энэ галт тэрэг нь тогтмол хурдтай биш бөгөөд хурдалж бас удааширч чадна гэхдээ хэзээ ч зогсохгүй, мөн буцахгүй юм”. Өөрөөр хэлбэл бидний хувь цаг хугацаа хурдан, эсвэл удаанаар урсан өнгөрдөг байж болох ч хэзээ ч зогсохгүй, мөн буцахгүй юм.

1 СЭТГЭГДЭЛ

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу
Нэрээ оруулна уу