Яагаад гэдэг асуултын хариуг олох үед дахин яагаад гэх асуулт урган гарч ирсээр… Яг л “Яагаад ?” гэсэн асуултаар дүүрэн төгсгөлгүй гүн нүхэнд унаж буй мэт энэ мэдрэмж яг юу вэ ?
Магадгүй энэ асуулт л хүн төрөлхтнийг одоогийн хөгжил рүү нь хөтөлж, ирээдүйн шинэ нээлт рүү түрж байгаа биз. Хэдэн сая градусын температурт байгаа устөрөгчийн нэгэн изотопууд “цөмийн хүчтэй харилцан үйлчлэл”-ийн хүчийг эсэргүүцэх хэмжээний энергигүйн улмаас хоорондоо нэгдэн гели үүсгэх явцдаа тал бүр тийш энергиэ цацаргана. Энэ энергиэр л бид шинэ өглөөг угтаж, үүнээс цацрах гэрлээр л дэлхий ертөнцийг танин мэдэж, энэ энергийн ачаар л шинэ амьдрал үүсч, ургамал хүртэл ногоорч хүчилтөрөгч ялгаруулж байх юм.

Найман минут аялсан нарны цацрагаар шинэ өглөөг угтаж, нүд баясган анивчих оддын гэрлээр тэр өдрийг үднэ. Энэ бүгд 365 орчим давтагдaхад дэлхий нарыг бүтэн тойрч, бид бүгд нэг нас нэмдэг.
1. Нар
Нар гэж юу ? Нар бол бидэнд хамгийн ойр орших од юм гээд хариулчхаж болох л юм.
Нар од юм бол, од гэж юу вэ ?
Их хэмжээний устөрөгч(хий гэх) таталцлын хүчний нөлөөгөөр хоорондоо бөөгнөрч хумигдсаар одод үүснэ. Таталцлын хүч нь бусад 3 харилцан үйлчлэлийн хүчээ бодвол хол зайд үйлчилдэг. Тиймээс устөрөгчийн атомууд бөөгнөрч халсаар гели, улмаар лити, берилли мэтийн хөнгөн элемент, бүр цаашилбал цөмдөө хүчилтөрөгч, төмөр, цахиур мэтийн хүнд элементүүдийг ч үүсгэж байх юм. Масс нь татах хүчтэйгээ шууд хамааралтай тул одод том байх тусам тухайн одны татах хүч нь их байдаг. Тиймээс тэр хэмжээгээрээ цөмдөө хүчтэй халж түлшээ хурдан барж дуусгах болно. Эцэст нь түлшээ барсаар хөрч эхэлнэ. Гэвч хөрж байгаа ч гэсэн татах хүчнийхээ нөлөөгөөр хумигдаж байгаа. Хумигдах тусам оддыг бүрдүүлэгч бөөмс хоорондын зай их ойртдог, тэгээд Паулын хоригийн зарчим ёсоор тэдний хурд улам ялгаатай болох ёстой.
Байз байз… Юун гэнэт Паулийн хоригийн зарчим гараад ирэв ? Та үүнийг мэдэх үү ?
Паулийн хоригийн зарчим бол ижил хоёр бөөм адил төлөвт байж чадахгүй гэдгийг илэрхийлдэг юм. Уг зарчмаар бол оддыг бүрдүүлэх ижил бөөмс адил төлөвт, буюу ижил хурдтай байж чадахгүй. Тиймээс татах хүч одыг хумих тусам Паулийн хоригийн зарчмаас үүдэлтэй түлхэлтээр одод буцаж тэлэхийг эрмэлздэг байх нь. Уг таталт түлхэлт хоорондын тэнцвэрээр одны радиус тогтмол болно. Харьцангуйн онолоор бол бөөм, эсвэл аливаа нэгэн бие, юу ч байлаа гэсэн хоорондын хурдны зөрүү нь гэрлийн хурднаас хэтэрдэггүй. Энэ нь од нилээд нягт болох үед Паулийн хоригийн зарчимаас үүдэлтэй бөөмсийн түлхэлт нь Харьцангуйн онолоор тодорхойлсон тэр хязгаарт хүрч очно гэсэн үг. Үүнийг харин Чандрасекарын хязгаар гэдэг. Өөрөөр хэлбэл од таталцлын хүчээ эсэргүүцэж чадахгүй болох тэр үе.
Хэрвээ одны масс (ер нь бол нягт л даа) Чандрасекарын хязгаараас бага байвал нэг бол тэр хумигдахаа больж “Цагаан одой” болно, эсвэл нейтрон од болох юм.
Харин одны масс Чандрасекарын хязгаараас хэтэрвэл дэлбэрнэ, эсвэл хар нүх болон хумигдах юм. Зарим тохиолдолд ханасан массаас бага масстай болохын тулд зарим бодисоо гарган хаяж хар нүх болон хумигдахаас аврагддаг. Тэгвэл нар хар нүх болох болов уу ? Хэрвээ одоогийнхоосоо 20 дахин том байсан бол байж болох л юм.
Тэхээр бид одны талаар ерөнхий ойлголттой болж авлаа. Од нь зүгээр л гэрэл цацруулаад байж байдаг бөмбөлөг биш. Түүний дотор маш олон адармаатай, ядаргаатай, амьдралын хамаг л юм бүрэлдэн үүсч байдаг байх нь.
2. Дэлхий нарыг тойрдог
МЭӨ 340 онд Грекийн философич Аристотель дэлхий бөөрөнхий гэдгийг хоёр аргаар тодорхойлсон.
Сар хиртэх үед саран дээр үргэлж дугуй сүүдэр үүсдэг нь дэлхийн сүүдэр гэдгийг гярхай гэгч ажигласан байна.
Мөн Алтан гадас од үргэлж хойд зүгийг зааж байдаг. Хэрвээ дэлхий бөөрөнхий биш хавтгай байсан бол бид хаа нэг тийшээ яван явсаар алтан гадас одны хойно юмуу урд нь, эсвэл баруун юм уу зүүн талд нь гарчиж болох л байсан. Өөрөөр хэлбэл дэлхий нь бөөрөнхий биш хавтгай байсан бол алтан гадас од аль ч зүгийг заадаг байж болох юм. Ингээд бодохоор Аристотель их гярхай хүн юм. Гэвч…
“Дэлхий нь бөөрөнхий ба нар, сар, одод болон бусад эрхэс түүнийг тойрч, эргэлдэж байдаг учир бид бол орчлон ертөнцийн төв юм” гэх Аристотелийн зөнч үзэл, санаа 17-р зууны эхээр сүүлчийн амьсгаагаа хураав.
Галилео Галилей 1609 онд анхны огторгуйн дуранг зохион бүтээж, Бархасбадь болон түүний дагуулуудыг ажилласнаар Дэлхий нь ертөнцийн төв байх албагүй гэдгийг нотлов. Ингэснээр хүн төрөлхтөн Дэлхийг ертөнцийн гол дүрд тоглох албагүй гэдгийг ойлгов. Харин би энэ үед байсан бол Жордано Бруног амьдаар нь шатаасан пап лам нарын царай яаж дүрс хийж, бантаж байгааг харахыг маш их хүсэх байлаа.
Байгалийн хууль хамгийн хүчтэй, хэн ч зөрчих боломжгүй. Бид хичнээн амьдрал үүссэн, тэр дундаа оюун ухаант хүн үүссэн, онцгой гариг гэж хэллээ гээд Нар Дэлхийг тойроод байхгүй л байх. Хэн их масстай, тэр л бусдыгаа дагуулна. Дэлхий нарыг тойрдог шиг Нар Сүүн замын төвийг бусад оддын хамт тойрно.

Дээрх хэсэгт хальт дурдаад өнгөрсөн харилцан үйлчлэлийн 4 хүчний талаар та хэр их мэдлэгтэй вэ ?
3. Харилцан үйлчлэлийн 4 хүч
“Бурхан хэзээ ч шоогоор тоглодоггүй” гэх Алберт Эйнштейний нэгэн үг байдаг. Энэ үгээрээ магадгүй тэр “орчлон ертөнцөд санамсаргүй зүйл гэж юу ч үгүй, бүх зүйлс тодорхой, заагдсан хуулийн дагуу болж өрнөдөг” гэсэн санааг илэрхийлсэн болов уу. Гэхдээ харин ч эсрэгээрээ бурхан шоонд их хайртай юм шиг орчлон ертөнцийн их олон зүйлсийг санамсаргүй, дурын байдлаар зохицуулж байна. Тиймдээ ч Нильс Бор “Бурханд юу хийхийг нь бүү заа” гэж хариу барьсан биз. Учир нь санамсаргүй дурын энэ байдал нь эгэл бөөмс, электрон мэтийн жижиг хэсгүүдийн төвшинд яригддаг байлаа.
Бидний эргэн тойронд харагдах, мөн үл харагдах бүх зүйл молекул-атом-электрон, протон, нейтрон-кварк гэсэн бүтцүүдтэй байдаг гэж дунд сургуульд заадаг. Энэ орчлон ертөнцийг бүрдүүлээд байгаа олон жижиг хэсгүүдийг ерөнхийд нь эгэл бөөмс гэдэг. Мэдээж хэрэг бөөмс хоорондоо харилцан үйлчлэлцэж байгаа. Тэдгээр бөөмсийн харилцан үйлчлэл нь харин арай өөр төрлийн бөөмсөөр дамждаг байна. Эдгээр нь спин гэх шинжтэй ба бодисыг бүрдүүлэгч бөөмс нь ½ гэх бутархай тоон спинтэй, харин уг бөөмсийн хооронд үйлчлэх харилцан үйлчлэлийг бүтээдэг бөөм нь 0, 1, 2 гэсэн бүхэл тоон спинтэй. Спин(эргэх гэсэн утгатай)-ний тоо гэдгийг төсөөлөхдөө бөөмийн анхны байдал нь бүтэн эргэлтийн турш хэдэн удаа давтагдаж байгаа тоогоор төсөөлж болно. Жишээ нь 0 спинтэй бөөм нь цэг мэтээр төсөөлөх ба бүх талаасаа адилхан харагдана. Харин 1 спинтэй бөөмийг үзүүрлэсэн харандаатай зүйрлэж болно. Түүнийг нэг бүтэн эргүүлж байж анхны байрлалдаа орно. 2 спинтэй бөөмийг төсөөлөхдөө хоёр талыг нь үзүүрлэсэн харандаа гэж төсөөлж болно. Түүнийг нэг бүтэн эргүүлэх үед анхны байрлал хоёр удаа давтагдан харагдана. Хамгийн сонирхолтой нь ½ спинтэй бөөм. Түүнийг юугаар төсөөлөхөө сайн мэдэхгүй байна гэхдээ 2 удаа бүтэн эргүүлж байж анхны хэлбэртэй ордог гээд төсөөлөхөд буруудахгүй. Бид бодисыг бүрдүүлэгч бөөмсийн талаар багагүй мэдлэгтэй боллоо. Тэгвэл харилцан үйлчлэлийнх нь талаар хэр ихийг мэдэх бол ?
Харилцан үйлчлэлийн зарим нэг төрлийн тухайд бид багагүй мэдлэгтэй. Энэ бол ширээн дээрх аягатай цайг амсраараа дээш гарчихгүй аяганд нь тогтож байдаг, таныг дээш тааз мөргүүлж, буцаж доош нь шал мөргүүлчихгүй буйдан дээр тухлуулан суулгадаг тэр зүйл юм. Та юу гэдгийг нь аль хэдийнээ л төсөөлсөн байлгүй. Мэдээж энэ бол татах хүч(таталцал). Татах хүч ямагт татаж байдаг, хэзээ ч түлхдэггүй, хол зайд үйлчилдэг. Татах хүчний нөлөөгөөр л бид дэлхий,.. Карл Саганы хэлснээр бол “Наранд дүүжлэгдсэн хумхын тоос”-н дээр амьдарч байна. Хэрвээ таталцал үгүй байсан бол бид хаа нэг тийш юутай ч харилцан үйлчлэлцэж чадахгүйгээр нисэн, тэнэж, ямар нэгэн гариг эрхэстэй мөргөлдөж ч болно. Үнэндээ бол татах хүч гэж байгаагүй бол орчлон ертөнц тэр аяараа устөрөгчийн изотопууд, гели мэтийн хөнгөн хийнээс л бүрэлдсэн байх байсан биз.
Харилцан үйлчлэлийн татах хүчнээс гадна цахилгаан соронзон хүч, цөмийн сул хүч, цөмийн хүчтэй харилцан үйлчлэлийн хүч гэсэн гурван төрлийн хүч байна. Эдгээр нь атом болон түүнээс цааших жижиг хэсгүүдийн хувьд үйлчилдэг хүчнүүд. Тэднийг хүчний эрэмбээр(багаас их рүү нь) нь жагсаавал:
1. Хамгийн сул харилцан үйлчлэлийн хүч нь таталцлын хүч. Хол зайд үйлчилдэг, үргэлж татах хүч байдаг, хэзээ ч түлхдэггүй. Мөн гравитон гэгдэх 2 спинтэй бөөмөөр зөөгддөг гэж төсөөлдөг ба долгионлог шинжтэй гэдийг нь саяхан баталсан(ер нь бол илрүүлсэн) билээ. Дэлхийд алдартай Япон гаралтай Америк физикч Мичио Каку хэлэхдээ “Таталцал гэж байхгүй, гариг эрхсийг хөдөлгөж байдаг зүйл нь орон-цагийн муруйлт” гэсэн байдаг.
2. Цөмийн сул хүч нь бүх адрон(хүчтэй харилцан үйлчлэлд ордог бөөмс), болон лептон(хөнгөн масстай мөн хүчтэй харилцан үйлчлэлд ордоггүй эгэл бөөмсийг)-уудад үйлчилдэг ба радио идэвхт шинжийг хангаж, ½ спинтэй бодисын бөөм бүхэнд үйлчилдэг. Фотоноос гадна сул хүчийг зөөдөг бозон гэж нэрлэгддэг, 1 спинтэй гурван бөөм(W+, W-, Z0) байдаг.
3. Цахилгаан соронзон хүч нь цэнэгтэй адрон болон лептонуудын хооронд үйлчилдэг ба таталцлын хүчнээс 1043 дахин хүчтэй. Нар, сар, гариг мэтийн том биеийн хувьд үйлчилдэггүй. Учир нь тэд бараг ижил тооны эерэг сөрөг цэнэгтэй байдаг тул тэдний доторх бөөмс хоорондын татах, түлхэх хүч нь бараг тэнцэж цэвэр цахилгаан соронзон хүч тун бага үлддэг байна. Хэрвээ нарыг бүрдүүлэх ихэнх бөөмс эерэг, дэлхийг бүрдүүлж буй ихэнх бөөмс нь сөрөг цэнэгтэй байсан бол эерэг цэнэгтэй нар, сөрөг цэнэгтэй дэлхий хоёрын хооронд цахилгаан соронзон хүч үйлчлэх байлаа. Харин жижиг хэмжээтэй атом, молекулуудын хувьд цахилгаан соронзон хүч давамгайлдаг байна. Мөн фотон гэгдэх 1 спинтэй, массгүй, витуаль бөөмөөр зөөгддөг гэж төсөөлдөг. Гэрлийг цахилгаан соронзон долгион гэж үздэг тул ц.с хүчний бөөмийг фотон гэдэг байх.
4. Эдгээрээс хамгийн хүчтэй, хамгийн мундаг нь зөвхөн адронуудад хамаарах Цөмийн хүчтэй харилцан үйлчлэл юм. Глюон гэх 1 спинтэй бөөм энэ хүчийг зөөдөг гэж төсөөлөх ба атомын цөмийн дотор протон нейтроныг, мөн протон нейтроны дотор кваркийг тогтоон барьж байдаг хүч юм.
Эдгээр хүчнүүдийн ач холбогдлын талаар ярья л даа.
Орчлон ертөнцийн үүслийг одоогоор их тэсрэлт гэдэг загвараар тодорхойлоод байгаа ба хамгийн хачирхалтай үйл явдал нь тэсэрч байх үеийнхээ эхний гурван минутад болоод өнгөрсөн байна.


Орчлон ертөнц анх хязгааргүй их температуртай, төгсгөлгүй бага эзлэхүүнтэй цэг байж. Тэрхүү цэгийн гадна гэрэл, харанхуй гэх мэт юу ч үгүй, тэр ч бүү хэл орон зай гэх ойлголт ч байхгүй. Өөрөөр хэлбэл та, болон таны эргэн тойронд буй бүх зүйлс тэр төсөөлөхөд ч бэрх цэг дотор байсан. Үүнийг “онцгой цэг” буюу “singularity”, зарим ном дээр “ганцдал” ч гэдэг. Хязгааргүй их температуртай, төгсгөлгүй бага эзлэхүүнтэй цэг маань тэсрэх явцдаа температур нь буурч байв. Мэдээж өндөр температуртай байгаа бөөмсийн дундаж кинетик энерги нь маш их тул эмх цэгцгүйн дээд цэгтээ тулан асар их хурдаар ийш тийш таамаглашгүй байдлаар хөдөлж байв. Ийм их хурдтай бөөмсийг хүчтэй харилцан үйлчлэлийн хүч ч хооронд нь тогтоон нийлүүлж чадахгүй байлаа. Мэдээж цаг хугацаа бүхнийг ялан дийлдэг юм хойно температур нь буурч, тэлж эхэллээ(тэлснээс болж температур буурсан ч байж мэднэ). Уг температур бууралтын тодорхой агшинд(1’000’000’000градусд) цөмийн хүчтэй хүч үүргээ биелүүлж эхлэв. Учир нь протон, нейтрон нь цөмийн хүчтэй таталцлыг эсэргүүцэж чадалгүй өөр хоорондоо нэгдэн хүнд ус төрөгчийн(дейтер) атомыг үүсгэж. Дараа нь дейтерийн цөм 2 протон, 2 нейтронтой гелийн цөмийг үүсгэхээр нэгдсэн байна. Цаашилбал цөм дэх протон нейтроны тооноосоо хамаарсан өөр өөр элементүүд ч үүссэн(лити, берилли гэх мэт). Температур буурсаар сөрөг цэнэгтэй электрон, эерэг цэнэгтэй цөм хоёрын хооронд цахилгаан соронзон хүч үйлчилж эхлэв. Ингэж атом үүсч атомууд нэгдэн молекулууд болсоор одод үүсэв. Од гариг мэтийн хүнд масстай биеийн хувьд мэдээж татах хүч үйлчилдэг. Үйлчилдэг гэхээсээ илүүтэй эдгээр масстай биес өөрсдөө орон зайг тодорхой хэмжээгээр муруйлгаснаас үүдэн таталцал үүсээд байгаа аж. Харин татах хүч үргэлж дэлхийн төв рүү тэмүүлсэн байдгийг бид мэднэ. Оддын хувьд ч мөн адил уг хүч нь төв рүүгээ тэмүүлж аль болох хумихыг оролдож байдаг. Хэрвээ од нягтаршин хумигдаад байвал Чандрасекарын хязгаар(хүйтэн тогтонги одны боломжит хамгийн бага масс)-т ирнэ. Уг хязгаарыг давбал од хар нүх болно. Хар нүхний хилийг “event horizon”-оор тодорхойлно. Учир нь энэ хэсэгт гэрэл хар нүхнээс тасран гарах боломжоо бүрэн алддаг хэрэг. Гэхдээ түүний таталцлын нөлөө нь үйл явдлын хаяавчны хүрээнээс хамаагүй их радиусыг хамарна. Ёстой л бие жижиг ч бэлчээр томтой гэдэг нь байна даа. Энэ үгийг эртний Монголчууд магадгүй энэ хар нүхэнд зориулж гаргасан ч юм билүү…

Нийтлэл маань өндөрлөх дөхөж байна.

Өглөөний нартай уралдан босч, өндөр, өндөр шилэн байшинд ажиллахыг мөрөөдөх, өөдрөг хүсэл тэмүүллээр дүүрэн оюутан залуус, өглөө сэрээд өрөөсөн оймсоо асуух өвөө, эмээгийн бяцхан хүүхдүүд, үүрийг долоон цагаас үдшийн бүрий хүртэл ажилладаг эцэг, эхчүүд, Их тэсрэлт, Эйнштейний онолыг бодох эрдэмтэн судлаачид, эртний балгас, эзэнт гүрнүүдийн түүхийг судлах түүхчид, энх тайван, аз жаргалтай амьдралын төлөөх эгэл жирийн ард түмэн та бүхэндээ баяр хүргэе. Өнөөдөр ямар баярын өдөр билээ гэж гайхаж байж магадгүй. Та амьдралынхаа өдөр бүр баярлах ёстой. Учир нь энэ өдөр өөрөөр хэлбэл энэ одоо гэх үед ирэхийн тулд та бүхэн төсөөлж байгаагаасаа ч их замыг туулан ирсэнгэдгээ ойлгосон байх. Монголын эртний үлгэрүүдэд эхлэхдээ сүмбэр уулыг дов байхад, сүн далайг шалбааг байхад гэж өгүүлдэг, харин бидний ирсэн газар бол сүмбэр уулыг дов байхаас өмнө, сүн далайг шалбааг байхаас ч өмнө. Мэдээж хэрэг тэр бол 13,7 тэрбум жилийн өмнө. Тэр үед бид бүгд төсөөлөмгүй өчүүхэн цэгт, төгсгөлгүй их температурт, бүгд нэг доор багтаж ядан байснаас түнэр харанхуйн зүг тал бүр тийш тэсэрч, тэрбум, тэрбум оддыг үүсгэн одов. Эцэст нь нэгэн од сүйрэх явцдаа тэсэрч эгэл нэгэн нар болон, эх дэлхийг маань үүсгэж. Ингэж л бид түүхэн эволюцийн үр дүнд ертөнцийн үүсэлтэй харьцуулахад асар хурдтай хөгжин мичнээс хүн болж, эцэст нь эхийн хэвлийгээсээ төрсөн та тал бүр тийш үсчсэн тоолж барамгүй их атом молекулаас тогтон үүнийг уншин сууж байгаа нь үнэхээр гайхалтай. Тиймээс танд баяр хүргэе. Бас баярлалаа !
“Мэдлэгийн их далайд мэдэхгүй зүйлтэй учирна гэдэг хамгийн том аз завшаан. Учир нь юу мэдэхгүй байгаагаа мэддэг хүн хаашаа сэлэх ёстойгоо мэддэг хэрэг” гэх үгээрээ энэ удаагийн нийтлэлээ төгсгөе.

4 СЭТГЭГДЭЛ

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу
Нэрээ оруулна уу