Хүн төрөлхтний ирээдүйн хөгжил дэвшил нь сансар огторгуй, геомандал (агаар мандал, цэнэгт мандал, соронзон мандал)-ын уудмыг судлах, ашиглах үйл ажиллагаатай салшгүй холбоотой. 1957 онд сансрын анхны хиймэл дагуулыг тойрог замд гарган, 1961 онд Ю.Гагарин анх сансарт ниссэн тэр үеэс дэлхийн хүчирхэг улс гүрнүүд сансар огторгуйг судлан эзэмших үйл ажиллагаанд нэн онцгой анхаарч, үлэмж хэмжээний хүч хөрөнгө зарцуулж эхэлснээр олон улсын хэмжээнд сансрын уудам, геомандлыг олон талт зорилгоор ашиглах өрсөлдөөний эхлэл тавигдаж өнөөдөр шинжлэх ухааны нээлт, технологийн хөгжлийн ололт, онцлогийг тусган улам бүр эрчлэн өрнөж байна. Монгол Улс олон улсын “Интеркосмос” хөтөлбөрт хамрагдаж улмаар 1981 онд монгол хүн сансарт ниссэнээр манай улс сансар огторгуйн уудмыг судлах олон улсын хамтын ажиллагаанд өөрийн хувь нэмрээ оруулж, идэвхтэйгээр оролцож эхэлсэн юм. Монгол Улсын Засгийн газар Монгол улсын нэгдэн орсон олон улсын сансар огторгуйн талаархи гэрээ, хэлэлцээрүүд, эрх зүйн баримт бичгүүдийг мөрдөн ажиллаж байна.
Дэлхийн өндөр хөгжилтэй улс гүрнүүд сансар, геомандлын чиглэлийн шинжлэх ухааны нээлт, техник технологийн хөгжлийн ололт амжилт, шинэ мэдлэг мэдээллийг оновчтой ашиглан, нийгэм, эдийн засгийн тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэх түлхүүр хүч болгон ашиглаж байна. Монгол Улс НҮБ-ын сансрын асуудал эрхэлсэн байгууллага, Ази номхон далайн сансрын хамтын ажиллагааг зохицуулах байгууллага, Дэлхий сансрын нисэгчдийн холбооны гишүүн бөгөөд сансар огторгуй, геомандлын судалгаа, ашиглалтын чиглэлээр хуримтлуулсан багагүй туршлагатай улс билээ. Энэ чиглэлээрх манай улсаас явуулж буй үйл ажиллагааг харахад зөвхөн олон улсын хурал зөвлөлгөөнд төлөөлөгчид оролцуулах төдийгээр хязгаарлагдаж цар хүрээтэй үйл ажиллагаа явуулж чадахгүй байна. Энэ чиглэлээр төрийн нэгдсэн бодлого үгүйлэгдэж байна.
Сансрын уудмыг судлах, ашиглахтай холбогдолтой асуудлыг МУ-ын Ерөнхий Сайдын 1999 оны 77 тоот захирамжаар байгуулагдсан, Байгаль орчны сайдаар ахлуулсан үндэсний зохицуулах зөвлөл хариуцах ёстой боловч одоог хүртэл тодорхой нэгдсэн үйл ажиллагаа явуулсангүй.
Сансар огторгуй, геомандлын судалгаа, ашиглалт бодлого зохицуулах үндэсний зөвлөлийг шинээр байгуулан, Монгол Улсын Ерөнхий сайдын эрхлэх ажлын хүрээнд ажиллуулах саналыг доорхи үндэслэлүүдийг харгалзан гаргаж байна.
Үүнд:
1. Сансар огторгуй, геомандлын судалгааны ажлын цар хүрээ өргөжин тэлснээр үр өгөөж нь нийгэм, эдийн засгийн бүхий л салбарт түргэн нэвтэрч, үүнийг даган шийдвэрлэвэл зохих асуудлуудын мөн чанар, далайц өөрчлөгдөн төр, засгийн дээд түвшинд цаг алдалгүй зохицуулалт хийх шаардлага тулгарч байна.
2. Сансар судлал болон геомандлын судалгаа нь харилцан шүтэлцээтэй учраас нэгдсэн бодлогоор зангидагдаж, нэг удирдлагаар зохицуулагдаж байх шаардлагатай болно
3. Монгол Улсад хамааралтай сансар огторгуй, геомандлын орон зайг төдийгүй, Монгол Улсын өргөн уудам нутаг дэвсгэрийг сансар огторгуй, геомандлын судалгааг өргөжүүлэх зорилгоор хамтран ашиглах асуудал ч тавигдаж эхэллээ.
Энэ бүхнээс харахад тавигдаж байгаа асуудлууд нь нэг яамны сайдын хүрээнд биш, Засгийн газрын түвшинд зохицуулагдах болж байгааг харгалзан Үндэсний зөвлөлийг Монгол Улсын Ерөнхий сайдын эрхлэх ажлын хүрээнд багтаах нь зүйтэй гэж үзэн үндэсний зохицуулах зөвлөлийн дүрмийн төслийг боловсрууллаа.
Дэлхийн ихэнх улс орнуудад Засгийн газарын тусгай агентлаг (Сансар судлалын агентлаг) нь үндэсний хэмжээнд сансар судлал, ашиглалтын асуудлаа шийдвэрлэж байна.

НҮБ-аас 2009 оныг “Олон улсын одон орны жил” болгон зарласан, Сансар огторгуйн уудмыг энх тайвны үйлс, хүн төрөлхтөний ирээдүйн сайн сайхны төлөө олон улс нийтээр эрх тэгш судлан ашиглах тухай НҮБ-аас баталсан Сансрын уудмын тухай хууль болон холбогдох тогтоол шийдвэрүүдийг хэрэгжүүлэх, Сансрын уудам, геомандлын ашиглалтын чиглэлээрх олон улсын хамтын ажиллагаа, шинжлэх ухаан, технолог, инновацийн ололт амжилтыг Монгол Улсын нийгэм эдийн засгийн хөгжил дэвшлийн хурдасгуур болгон ашиглахын чухлыг тэмдэглэн Монгол Улсад Сансар огторгуй, геомандлын судалгаа, ашиглалт, бодлого зохицуулалтын асуудлыг нэгтгэн боловсруулах, холбогдох байгууллагуудын харилцаа уялдаа, хамтын үйл ажиллагааг оновчтой зохицуулах, Засгийн Газраас энэ чиглэлээр явуулах удирдлага, бодлого зохицуулалтын асуудлыг хэрэгжүүлж нэгдмэл удирдлагаар хангах, ажлын үр дүн, хэрэгжилтийн явцыг Засгийн Газарт танилцуулах зорилго бүхий бүхий орон тооны бус Зөвлөлийг байгуулан ажиллуулах нь зүйтэй гэж үзжээ. 2017 оноос эхлэн Монгол Улсын Үндэсний Сансрын Зөвлөл идэвхтэй үйл ажиллагаа явуулахаар хэд хэдэн удаа хуралдлаа.

2 СЭТГЭГДЭЛ

  1. МАШ ХЭРЭГТЭЙ САНААЧЛАГА ГЭХДЭЭ НААД БАРИМТ БИЧГЭЭ ДАХИН БОЛОВСРУУЛААСАЙ ГЭЖ ХҮСЧ БАЙНА ДҮРЭМ БОЛ БАЙГУУЛЛАГЫН ҮНДСЭН ХУУЛЬ ТИЙМЭЭС МАШ САЙН ЭРХ ЗҮЙН БАРИМТ БИЧИГ БОЛОХ ЁСТОЙ ХЭРЭВ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗВЭЛ УУЛЗАЖ САНАЛ СОЛИЛЦОЖ БОЛОХ ТАЛТАЙ ГЭХДЭЭ БИ ЭНЭ ТАЛААР ОЙЛГОЛМ МЭДЛЭГ ТУН НИМГЭН ХҮН

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу
Нэрээ оруулна уу