1. Батлан хамгаалах салбарт

Энэ салбарт сансрын технологийг ашиглах чиглэлээр чухамхүү ямархуу ажлууд хийгдэж байгаа талаар тодорхой мэдээлэл алга байна. Геодези зураг зүйн хоёрдугаар зэрэглэлийн хатуу цэгүүдийн байршлийг нарийвчлан тогтоох талаар Монмал компани төсөл хэрэгжүүлж байга гэсэн мэдээлэл бий. Сансрын холбооны технологи, зайнаас тандан судлал, газарзүйн мэдээллийн систем газарзүйн байршил тогтоох системийг (GPS) хөгжүүлэх, ашиглах талаар хийж байгаа ажлуудтай танилцах хэрэгтэй гэж үзэж байгаа.

 

  1. Боловсролын салбарт

Шинжлэх ухаанаас бусад салбарт хир зэрэг ашиглагдаж байгаа нь мөн тодорхой бус байгаа. АНУ-ын дэд ерөнхийлөгч А.Горын удирддаг GLOBE хөтөлбөрийн хүрээнд дунд сургуульд сансар судлалын талаар сургалт нэвтрүүлэх төсөлд оролцож байгаа. Шинжлэх ухааны академийн хувьд Информатикийн хүрээлэн, Одон орон судлах төв, Физик техникийн хүрээлэн зэрэг байгууллагууд судалгаа шинжилгээний ажлууд хийгдэж байгаа ба олон улсын хамтын ажиллагаа, төрөл бүрийн төсөл хэрэгжүүлэх ажилд идэвхитэй оролцож байгаа гэж үзэж байна. Тухайлбал информатикийн хүрээлэн Германы Сансрын Агентлагтай (DLR) хамтран Европын Холбооны ERS дагуулаас мэдээ хүлээн авах явуулын станцыг суурилуулж 2 дахь жилдээ ажиллуулж байгаа. Харин бусад эрдэм шинжилгээний хүрээлэнгүүд, их дээд сургуулиудад энэ чиглэлээр одоогоор дорвитой ажил хийгдэхгүй байгаа байх.

  1. Дэд бүтцийн салбарт

Сүүлийн жилүүдэд сансрын холбооны технологи эрчимтэй хөгжиж байгаа ба Интелсатын гишүүн орон болж телевизийн нэвтрүүлэг, олон улсын телефон харилцаанд Интелсат дагуулыг ашиглаж байгаа. Интернетийн үйлчилгээ нэвэтэрсэн зэрэг нь сүүлийн үеийн гол том ажлууд юм. Мөн Иргэний агаарын тээвэрт GPS нэвтрүүлсэн, орон нутгийн нисэх буудлуудыг сансрын VSAT сүлжээнд оруулсан зэргийг дурьдах хэрэгтэй. Харин зайнаас тандан судлал, газарзүйн мэдээллийн системийг өргөн ашиглах шаардлагатай зам харилцаа, хот байгуулалтанд сансрын технологи хэрхэн хэрэглэгдэж байгаа таалаар мэдээлэл хомс байна. Геодези зураг зүйн газарт мөн энэ талаар хийгдэж байгаа ажлуудын талаар мэдээлэл бага байна. Геодетик цэгүүдийн байршлын талаар GPS ашиглах төсөл хэрэгжиж байгаа гэсэн мэдээ бий. Мөн Японы Үндэсний зурагзүйн Агентлагтай хамтарч дэлхийн байр зүйн зураг хийх төсөлд оролцох талаар урьдчилсан ажлууд хийгдэж байгаа гэж үзэж байна. Энд Монгол орныг бүрхсэн аеро фото зургийн болон зарим хиймэл дагуулын мэдээллийн архив байгаа ба энэ чиглэлээр үйлчилгээ явуулдаг. Газар зүйн мэдээллийн систем ашиглах талаар урьдчилсан ажлууд хийгдэж байна.

  1. Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын салабарт

Дэлхийн бусад оронд эрүүл мэндийн салбарт сансрын технологийг маш өргөн ашигладаг бөгөөд манайд энэ талаар ямар байгаа тухай ямар ч мэдээлэл алга байна.

  1. Хөдөө аж ахуй, үйлдвэрийн салбарт

Геологи уул уурхайн салбарт хиймэл дагуулын мэдээ ашиглах, зураглал хийх чиглэл эрчимтэй хөгжсөн бөгөөл сүүлийн жилүүдэд Франц улсын 10 сая франкийн тусламжаар СПОТ компанитай хамтран төсөл хэрэгжүүлээд дуусаж байна. Энэ төсөл нь тоног төхөөрөмж, боловсон хүчний сургалт, хиймэл дагуулын тоон мэдээлэл худалдан авах зэргийг хамарсан тул Геомэдээллийн төвийн чадавхийг ихээхэн хэмжээгээр дээшлүүлсэн дорвитой ажил болсон гэж үзэж байна. Түүнээс гадна ашигт малтмалын хэрэг эрхлэх газарт газар зүйн мэдээллийн систем суурилуулж үйл ажиллагаандаа ашиглаж байна. Харин бусад салбарт зайнаас тандан судлалыг ашиглах талаар ямар ажлууд хийгдэж байгаа талаар мэдээлэл хомс байна. 1994-95 оны үед Англи улсын тусламжаар хиймэл дагуулаас мэдээ хүлээн авах систем суурилуулж байсан боловч одоо энэ нь ашиглалтгүй, хаана байгаа нь мэдэгдэхгүй байна.

  1. Байгаль орчны салбарт

Геологийн салбараас гадна хиймэл дагуулын мэдээ, зайнаас тандан судлал, газар зүйн мэдээллийн системийг арай гайгүй түвшинд ашиглаж байгаа салбар нь байгаль орчны салбар юм. Тухайлбал анхны зураг мэдээ хүлээн авах системийг 1971 оноос цаг уурт ашиглаж эхэлсэн ба тоон мэдээ хүлээн авах системийг 1987 онд суурилуулж, 1995 онд шинэчилсэн байна.

Одоогоор НОАА хиймэл дагуулаас мэдээ хүлээн авах систем БОЯ-ны Мэдээлэл тооцооллын төвд, мөн хиймэл дагуулаас болон Японы GMS дагуулаас зураг мэдээ хүлээн авах систем Нисэхийн цаг уурын станцад ажиллаж байна. Хиймэл дагуулын мэдээг цаг уурт ашиглахаас гадна байгаль орчны төлөв байдлын мониторингийн (ой хээрийн түймэр илрүүлэх, цасан бүрхүүлийн зураглал хийх, ургамалжилт, зуншлагийн байдлын зураг хийх) зориулалтаар ашиглаж, зарим нэг үйлчилгээг нэвтрүүлжээ. Зарим нэг харъяа газрууд болон хэрэгжиж байгаа төслүүдийн хүрээнд дунд ялгах чадвартай зураг ашиглан байгалийн нөөцийн газар ашиглалт, газрын бүрхэвчийн зураглал хийх ажлууд хийгдсэн боловч эдгээр нь эхлэлийн төдий хэлбэртэй байна.

  1. Бусад салбарт

Сүүлийн жилүүдэд сансрын технологийг ашиглах чиглэлээр улсын болон хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүд үүсэн ажиллаж эхлээд байна.

Ялангуяа геодези зураглалын чиглэлээр нилээн хэдэн компаниуд ажиллаж байгаа ба энд Монмал, Геомон зэргийг дурдаж болно. Зарим нэг гадаадын хөрөнгө оруулалттай геологийн чиглэлийн комданиуд хиймэл дагуулын мэдээ ашигладаг. Сансрын холболтын компани интернетийн үйлчилгээнд хиймэл дагуул ашиглаж  байгаа ба НИК компани орон нутгийн мэдээллийн сүлжээнд VSAT систем ашиглаж байна.

  1. Олон улсын хамтын ажиллагаа

Одоогоор сансрын холбоо түүнтэй хамаатай хамтын ажиллагааны асуддлыг ДБХЯ (Холбооны газар), зайнаас тандан судлалаар БОЯ-ны Мэдээлэл тооцооллын төв (1991 оноос Монголын Зайнаас Тандан судлах Үндэсний Төвийн үүрэг хүлээсэн ) тус тус хариуцаж байна. 1998 онд Монгол орон олон улсын сансрын холбооны Интелсатын гишүүн болсон. Мөн 1999 онд Бага оврын олон зориулалтын хиймэл дагуул зохион бүтээх төсөлд Монгол орон нэгдэн орж, харицан ойлголцох гэрээнд Байгаль орчны сайдыг төлөөлж, УЦУОШГ-ын дарга З.Батжаргал гарын үсэг зурсан болно.  Үүний хажуугаар байгууллагууд хоёр талын болон олон талт хамтын ажиллагааг чиг үүргийн дагуу хөгжүүлж байгаа гэж үзэж байна. 1994 онд Хятад улсын Бээжин хотод болсон тогтвортой хөгжилд сансрын технологи ашиглах тухай сайд нарын анхдугаар бага хуралд Байгаль орчны хяналтын улсын хорооны дарга З.Батжаргал тэргүүтэй төлөөлөгчид оролцсон ба үүний дагуу Ази Номхон далайн Нийгэм Эдийн засгийн Комисс “Бүсийн сансар ашиглах хөтөлбөр” хэрэгжүүлж эхэлсэн ба энэ хүрээнд 4 ажлын хэсэг ажилладаг бөгөөд “Сансрын холбоо” ажлын хэсэгт С.Ганбаатар (МЦХК-ийн захирал), “Сансрын шинжлэх ухаан” ажлын хэсэгт М.Ганзориг (ШУА-ийн Информатикийн хүрээлэнгийн захирал) “Сансрын цаг уур ба байгалийн гамшиг” ажлын хэсэгт М.Эрдэнэтуяа (БОЯ-ны МТТ-ийн ажилтан), “Зайнаас тандан судлал ба Газар зүйн мэдээллийн систем” ажлын хэсэгт С.Хөдөлмөр (БОЯ-ны МТТ-ийн захирал) нар тус тус хамрагдан ажиллаж байна. Мөн энэ хөтөлбөрийн хүрээнд зохиогдсон урт болон богино хугацааны сургалтанд Монголын 20 гаруй мэргэжилтэн сүүлийн 5 жилд оролцсон байна.

Дүгнэлт

Энэхүү товч танилцуулгад яамдын ажлын хүрээнд хийгдэж байгаа ажлуудаар ерөнхий ойлголт өгөх хэмжээнд гол гол гэж үзсэн зүйлсийг орууллаа.Магадгүй зарим нэг чухал ажил орхигдсон байж болно. Дээрхи танилцуулгаас үзэхэд сансрын технологийг Монголд хөгжүүлэх талаар хийх ажил ихээхэн байгаа нь харагдана. Манай орон шиг өргөн уудам нутагтай, хүн ам цөөтэй, эдийн засгийн чадавхи муутай, дэд бүтэц сул хөгжсөн оронд чухамхүү сансрын шинжлэх ухаан, технологийг хөгжүүлэх, ашиглах нь тэргүүн зэргийн ач холбогдолтой гэж үзэж байна. Өнөөдөр дэлхийн ихэнх орнуудад дэд бүтцийн салбарын төлөвлөлт, хөгжилтэнд газар тариалангийн ургацны төлөв байдал, бэлчээр ашиглалт, түүний менежментэд байгалийн нөөцийн хайгуул, судалгаанд байгаль орчны төлөв байдлын үнэлгээнд, цаг агаарын мэдээллийн үйлчилгээ, байгалийн гамшигт үзэгдлийн мониторингод, газар ашиглалт, кадастрын бүх төрлийн үйл ажиллагаанд, геодези зураг зүй, зураглалд, иргэний агаарын тээврийн бүх үйлчилгээнд, хот байгуулалт, төлөвлөлтөнд, усан хангамж, цэвэр усны нөөц тогтооход гэх мэт олон салбарт зайнаас судлал, газар зүйн мэдээллийн систем, газар зүйн байршил тогтоогч системүүдийг ашиглаж байна. Үүнээс гадна сансрын холбоог хөгжүүлэх, гол нь үүнийг ашигласан төрөл бүрийн хэрэглээнүүдийг (зайны сургалт, теле-эмнэлэг, электрон худалдаа гэх мэт) нэвтрүүлэх талаар тодорхой ажлууд хийгдэх шаардлагатай байна. Сансрын холбоо болон зайнаас тандан судлалыг батлан хамгаалах зорилгоор хүчтэй ашигладаг ба энэ талаар манай оронд зохих ажлууд хийгдэж эхлэх нь зүйтэй юм.

Сансрын технологийг хөгжүүлэх, ашиглахад боловсон хүчний асуудлаас гадна тоног төхөөрөмж, системийн зохих хөрөнгө оруулалт шаардагддаг, судалгаа шинжилгээний ажлууд хийгдэж туршигдсан байх, мөн түүнчлэн хиймэл дагуулын мэдээллийн үнэ өндөр зэрэг тодорхой бэрхшээлүүд байдаг боловч дараа нь зардлаа хурдан нөхдөг, хүн хүч цаг ихээхэн хэмнэсэн, бүтээгдхүүний чанар маш өндөр зэрэг олон давуу талтай юм. Жишээ болгоход;

Сэлэнгэ аймгийн нийт газар тариалангийн талбайг гаргахад уламжлалт аргаар машинаар 100 орчим мянган километр зам туулж 3-4 хүнтэй мэргэжлийн хэсэг 2-3 сар ажиллах шаардлагатай болно. Гтэл Сэлэнгэ аймгийг бүрхсэн хиймэл дагуулын зураг нь Ландсат хиймэл дагуулаар тооцоход 8-9 зураг болох ба нэг өдрийн дотор тодорхойлж болно. Одоогийн ийм хэмжээний тоон мэдээллийн үнэ нь 5000 орчим доллар болох ба нэгэнт хүлээн авсан мэдээллийг өөр бусад олон зориулалтаар ашигалж болно гэж үзэхэд маш бага зардал юм.

Манай оронд боловсон хүчнийг бэлтгэх сургалтын бааз одоогоор байхгүй байгаа ба зайнаас тандан судлалын чиглэлээр 50 орчим мэргэжилтэн янз бүрийн шатны сургалтанд хамрагдсан гэсэн ойролцоо тооцоо бий. Ихэнх мэргэжилтнүүд Голланд улсын Инженерийн Технологийн Сургууль, Хятад улсын Уханы Техникийн Их сургууль , Тайландын Азийн Технологийн Институт зэрэг газарт 1-2 жилийн сургалтанд хамрагдсанаас гадна АНУ, Япон, Австрали, Бельги, Итали зэрэг орнуудад цөөн тооны мэргэжилтнүүд дипломын дараахи, мастерын болон докторын сургалтанд орсон байна. Гэвч цаашид анхан шатны сургалтыг эх орондоо баййнга явуулж байх талаар анхаарах хэрэгтэй юм.

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу
Нэрээ оруулна уу