Төрийн болон хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар орон нутгийг шилэн кабелийн сүлжээгээр холбох ажлыг эрчимтэй хийж байгаа боловч манай орны хувьд өргөн уудам нутаг дэвсгэрт тархан суурьшсан иргэн, өрх бүрт харилцаа холбооны бүх төрлийн үйлчилгээг тэгш хүртээмжтэй хүргэх асуудлыг сансрын холбооны хиймэл дагуул хөөргөснөөр шийдвэрлэх боломж бүрдэх юм.
Мөн хиймэл дагуулын төрөл болох тандан судалгааны дэвшилтэт технологийг ашиглан байгалийн нөөцийн менежментийг сайжруулах, хөдөө аж ахуйд бэлчээрийн төлөв байдлын болон хөрсний чийгийн индексийн зураг, хадлан болон тариалангийн талбайн хэмжээг тодорхойлох зэрэг олон ажлыг хийж гүйцэтгэх шаардлагатай байна.

Тандан судалгааны хиймэл дагуул хөөргөж, эзэмшсэнээр Монгол Улсын нутаг дэвсгэрийг бүрэн хамарсан тандан судалгааны нарийвчлал өндөртэй мэдээгээр хангах тогтвортой эх үүсвэр бий болох бөгөөд хот, суурин газрын төлөвлөлтийг оновчтой зохион байгуулах, эрдэс баялгийн хайгуул, газар зүйн мэдээллийн санд суурилсан орон зайн геомэдээллийн сан үүсгэж олон нийт ашиглах боломжийг бүрдүүлэх ач холбогдолтой юм.

Мөн бэлчээр, ой, гол мөрөн, нуур цөөрмийн тооллого хийх, усны нөөцийг хамгаалах, байгаль орчны нөхөн сэргээлт зэрэг хяналтын шинэ систем бий болгох, гамшгаас урьдчилан сэргийлэх, гамшгийн үед шаардлагатай, тодорхой мэдээллээр шуурхай хангах боломжтой болно.

Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн зөвлөмжийн дагуу сансрын холбооны болон тандан судалгааны хиймэл дагуул хөөргөх техник, эдийн засгийн үндэслэлийг боловсруулан мэргэжилтэн, эрдэмтэд, судлаачдын дунд олон удаагийн хэлэлцүүлэг зохион байгуулсны үр дүнд  манай улс өөрийн үндэсний хиймэл дагуул эзэмших, ашиглах нь ихээхэн ач холбогдолтой гэсэн дүгнэлтэд хүрсэн юм.

Ийнхүү манай улс өөрийн үндэсний хиймэл дагуул эзэмших, ашиглах,  сансар судлал, сансрын технологийг нэвтрүүлэх, энэ чиглэлээр эрх зүйн таатай орчныг бүрдүүлэх, олон улсын хамтын ажиллагааг өргөжүүлэх, хүний нөөцийг бэлтгэх зэрэг цаашид хэрэгжүүлэх арга хэмжээг нарийвчлан тодорхойлсон үндэсний хөтөлбөр боловсруулан хэрэгжүүлэх шаардлагатай байна.
Иймд Монгол Улсын Мянганы хөгжлийн зорилтод суурилсан Үндэсний хөгжлийн цогц бодлого болон Монгол Улсын Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх зорилгоор сансрын холбооны болон тандан судалгааны өөрийн хиймэл дагуулыг олон талт хэрэглээндээ тулгуурлан үр өгөөжтэй ашиглах үндэслэл, шаардлагад нийцүүлэн энэхүү хөтөлбөрийг боловсруулсан байна.

 

Хоёр. Хөтөлбөрийн зорилго, зорилт

 

2.1. Монгол Улсын Үндэсний хиймэл дагуул хөтөлбөрийн үндсэн зорилго нь сансар судлал, сансрын технологийг Монгол Улсад хөгжүүлэн нутагшуулах, үндэсний хиймэл дагуул хөөргөх, эзэмших, ашиглах, энэ чиглэлээр олон улсын хамтын ажиллагааг идэвхжүүлэхтэй холбогдсон үйл ажиллагааг нарийвчлан тодорхойлж, хэрэгжүүлэхэд оршино.

2.2. Хөтөлбөрийн  үндсэн зорилгыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд дараахь зорилтуудыг тодорхойлж байна:

2.2.1. сансрын технологийг хөгжүүлэх эрх зүйн орчныг бий болгох;

2.2.2. сансрын технологийг хөгжүүлэх бодлого, зохицуулалтын таатай орчныг бүрдүүлэх;

2.2.3. сансрын холбооны хиймэл дагуул хөөргөж эзэмших;

2.2.4. тандан судалгааны хиймэл дагуул хөөргөж эзэмших;

2.2.5. сансрын технологийг хөгжүүлэх чиглэлээр олон улсын харилцааг идэвхжүүлэх, сансрын байрлал эзэмших олон улсын зохицуулалтын үйл ажиллагаанд оролцох;

2.2.6. сансрын технологийн чиглэлээр ажиллах хүний нөөцийг хөгжүүлэх.

 

Гурав. Хөтөлбөрийг хэрэгжүүлэх үндсэн зарчмууд
3.1. Монгол Улсад сансрын технологийг хөгжүүлэхдээ дараахь үндсэн зарчмыг баримтална:

3.1.1. үндэсний аюулгүй байдал, тусгаар тогтнолыг дээдлэн, олон улсад өөрийн орны байр суурийг бэхжүүлэн сансрын уудмыг энхийн зорилгоор ашиглах;

3.1.2. иргэдэд мэдээллийг түргэн шуурхай, тэгш, хүртээмжтэй хүргэх, тэдгээрийг сансрын технологийн дэвшилд суурилсан техник, технологи, арга хэрэгслээр хангах нөхцөлийг бүрдүүлэх;

3.1.3. олон улс, бүс нутгийн хэмжээний нийгэм, эдийн засгийн тогтвортой байдлыг хангах, шинжлэх ухааны ололт амжилтыг нэвтрүүлэх, байгаль орчныг хамгаалах, гамшгийн эрсдэлийг бууруулахад өөрийн улсын хувь нэмрийг оруулах;

3.1.4. үндэсний хиймэл дагуул хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын үр дүн, хөрөнгө оруулалтын  өгөөжийг нийгэм, эдийн засагт үзүүлэх нөлөөллөөр тооцох.

 

Дөрөв. Хөтөлбөрийг хэрэгжүүлэх үйл ажиллагаа

 

4.1. Сансрын технологийг хөгжүүлэх хууль, эрх зүйн орчныг бий болгох нэгдүгээр зорилтын хүрээнд дараахь үйл ажиллагааг хэрэгжүүлнэ:

4.1.1. сансрын технологийг энхийн зорилгоор ашиглах олон улсын гэрээ, конвенцид нэгдэх;

4.1.2. Монгол Улсад сансрын технологийн хөгжил, хэрэглээ үйлчилгээг зохицуулсан эрх зүйн орчныг бий болгох;

4.1.3. сансрын технологийн хэрэглээнд ашиглах үндэсний стандартыг олон улсад мөрддөг нийтлэг стандартад тулгуурлан боловсруулж, мөрдүүлэх.

4.2. Сансрын технологийг хөгжүүлэх бодлого, зохицуулалтын таатай орчныг бүрдүүлэх хоёрдугаар зорилтын хүрээнд дараахь үйл ажиллагааг хэрэгжүүлнэ:

4.2.1. сансрын технологийг хөгжүүлэх бодлого төлөвлөлт, хэрэгжилтийг хангах төрийн байгууллагын тогтвортой үйл ажиллагааг хангах;

4.2.2. холбооны хиймэл дагуул ашиглан харилцаа холбооны үйлчилгээ эрхэлж байгаа аж ахуйн нэгжүүд үндэсний хиймэл дагуул ашиглах нөхцөлийг бүрдүүлэх, шинэ бизнесийг дэмжих бодлого хэрэгжүүлэх;

4.2.3. сансар судлал, сансрын технологийг хөгжүүлэх талаар төрөөс баримтлах бодлого, зохицуулалтыг хэрэгжүүлэх чиг үүрэг бүхий бүтэц бий болгох;

4.2.4. тандан судалгааны хиймэл дагуулын мэдээг аж ахуйн үйл ажиллагаанд ашиглах нөхцөлийг бүрдүүлэх.

4.3. Сансрын холбооны хиймэл дагуул хөөргөж, эзэмших гуравдугаар зорилтын хүрээнд дараахь үйл ажиллагааг хэрэгжүүлнэ:

4.3.1. Монгол Улсын хэрэгцээ шаардлагад нийцсэн холбооны хиймэл дагуул хөөргөх нарийвчилсан төлөвлөгөөг боловсруулж, төсөл хэрэгжүүлэх;

4.3.2. холбооны хиймэл дагуул үйлдвэрлэх, хөөргөх төслийн гүйцэтгэгчийг холбогдох хууль тогтоомжийн дагуу сонгон шалгаруулж, үйлдвэрлэлийг эхлүүлэх;

4.3.3. холбооны хиймэл дагуулын газрын станц болон дэд бүтцийг барьж байгуулах;

4.3.4. системийн түвшин тус бүрийн тест, газрын станцын уялдаа, харилцан ажиллагааны туршилтуудыг хийж, холбооны хиймэл дагуулыг  хөөргөж, ашиглах.

4.4. Тандан судалгааны хиймэл дагуул хөөргөж, эзэмших дөрөвдүгээр зорилтын хүрээнд дараахь үйл ажиллагааг хэрэгжүүлнэ:

4.4.1. Монгол Улсын хэрэгцээ шаардлагад нийцсэн тандан судалгааны хиймэл дагуул хөөргөх нарийвчилсан төлөвлөгөөг боловсруулж, төсөл хэрэгжүүлэх;

4.4.2. тандан судалгааны хиймэл дагуул үйлдвэрлэх, хөөргөх төслийн гүйцэтгэгчийг холбогдох хууль тогтоомжийн дагуу сонгон шалгаруулж, үйлдвэрлэлийг эхлүүлэх;

4.4.3. тандан судалгааны хиймэл дагуулын удирдлагын болон мэдээлэл хүлээн авч боловсруулах газрын дэд бүтцийг барьж байгуулах;

4.4.4. системийн түвшин тус бүрийн тест, газрын станцын уялдаа, харилцан ажиллагааны туршилтуудыг хийж, тандан судалгааны хиймэл дагуул хөөргөж, ашиглах.

4.5. Сансрын технологийг хөгжүүлэх чиглэлээр олон улсын харилцааг идэвхжүүлэх, зөвшилцөх үйл ажиллагаанд оролцох тавдугаар зорилтын хүрээнд дараахь үйл ажиллагааг хэрэгжүүлнэ:

4.5.1. Олон улсын цахилгаан холбооны байгууллагад (ОУЦХБ) хиймэл дагуул хөөргөх тухай хүсэлт илгээх;

4.5.2. сансрын оновчтой байрлал эзэмших олон улсын зохицуулалтын үйл ажиллагаанд оролцох;

4.5.3. хиймэл дагуул үйлдвэрлэх, хөөргөх, эзэмших чиглэлээр өндөр технологи хөгжүүлсэн туршлага бүхий улстай хамтын ажиллагааг идэвхжүүлэх;

4.5.4. тандан судалгааны хиймэл дагуулын давтамжийн зохицуулалтыг зохион байгуулдаг Сансрын давтамж зохицуулах хороо болон шаардлагатай тохиолдолд сансрын технологийн чиглэлээр дагнасан үйл ажиллагаа явуулдаг бусад олон улсын байгууллагад  гишүүнээр элсэх;

4.5.6. тандан судалгааны бусад хиймэл дагуулын мэдээ хүлээн авах эх сурвалжуудыг нэмэгдүүлэх, олон улсын тандан судалгааны хиймэл дагуулын сүлжээнд нэгдэх;

4.5.7. сансар судлал, сансрын технологийг хөгжүүлэх чиглэлээр олон улсын байгууллагуудын үйл ажиллагаанд идэвхтэй оролцож, өөрийн орны үүрэг, оролцоог нэмэгдүүлэх.

4.6. Сансрын технологийн чиглэлээр хүний нөөцийг хөгжүүлэх зургадугаар зорилтын хүрээнд дараахь үйл ажиллагааг хэрэгжүүлнэ:

4.6.1.  сансрын технологийн салбарт дараахь чиглэлээр мэргэжилтэн сургаж бэлтгэнэ:

4.6.1.1. хиймэл дагуулын удирдлага, хяналт;

4.6.1.2. хиймэл дагуулын ашиглалт, үйлчилгээ;

4.6.1.3. хиймэл дагуулын үйлдвэрлэл, өндөр технологи;

4.6.1.4. хиймэл дагуулын маркетинг, зах зээл;

4.6.1.5. тандан судалгааны мэдээ боловсруулалт;

4.6.1.6. олон улсын зохицуулалт, хамтын ажиллагаа болон эрх зүй.

4.6.2. олон улсын холбогдох байгууллагатай хүний нөөцийг хөгжүүлэх чиглэлээр хамтарсан хөтөлбөр хэрэгжүүлнэ;

4.6.3.  Засгийн газар хоорондын гэрээний дагуу тэтгэлэгт сургалт болон Төрийн сангийн шугамаар суралцах нийт оюутны 5-аас доошгүй хувийг сансрын технологийн мэргэжлээр сургах чиглэл баримтална;

4.6.4.  үндэсний мэргэжилтэн бэлтгэдэг дотоодын  их, дээд сургуулийг бэхжүүлнэ;

4.6.5.  бага оврын судалгаа шинжилгээний хиймэл дагуулыг хөгжүүлэхэд их, дээд сургууль, эрдэм шинжилгээний байгууллагад дэмжлэг үзүүлнэ.

Тав.  Хөтөлбөрийн санхүүжилт, хэрэгжүүлэх хугацаа

5.1. Хөтөлбөрийн санхүүжилт дараахь эх үүсвэрээс бүрдэнэ:

5.1.1.  улсын төсвийн хөрөнгө;

5.1.2. гадаадын зээл тусламж;

5.1.3. Хөгжлийн банкны санхүүжилт;

5.1.4. хувийн хэвшлийн хөрөнгө оруулалт;

5.1.5. бүх нийтийн үйлчилгээний үүргийн сан;

5.1.6. бусад.

Зургаа. Хүрэх үр дүн, удирдлага, хяналт-шинжилгээ, үнэлгээ

6.1. Энэхүү хөтөлбөрийг хэрэгжүүлснээр 2016 онд дараахь үр дүнд хүрсэн байна:

6.1.1. үндэсний хиймэл дагуул ашиглагч орон болсон байна;

6.1.2. үндэсний хиймэл дагуулыг эзэмших, ашиглах хууль, эрх зүй, бодлого зохицуулалт, бизнесийн таатай орчин бүрдсэн байна;

6.1.3. үндэсний хиймэл дагуул үйлдвэрлэх, эзэмших, ашиглах чиглэлээр хүний нөөц бэлтгэгдсэн байна;

6.1.4. тандан судалгааны олон төрлийн хиймэл дагуулын мэдээг хүлээн авч боловсруулан нийгэм, эдийн засгийн бүхий л салбарт үр өгөөжтэй ашиглах нөхцөл бүрдсэн байна;

6.1.5. орон нутагт иргэд харилцаа холбооны бүх төрлийн үйлчилгээг үндэсний хиймэл дагуулаар дамжуулан хүртэх нөхцөл бүрдсэн байна.

6.2. Мэдээллийн технологи, шуудан, харилцаа холбооны газар нь хөтөлбөрийн хэрэгжилтэд хяналт тавьж, үнэлгээг хийхийн  зэрэгцээ хэрэгжүүлэгч, оролцогч  байгууллагуудын үйл ажиллагааг уялдуулан зохицуулна.

6.3. Хөтөлбөрийг хэрэгжүүлэх явцад гадаад хамтын ажиллагааг дэмжиж, олон улсын байгууллага, мэргэжилтнүүдээс зөвлөгөө, үнэлгээ, дүгнэлт авч зөвлөмжийг тусган ажиллана.

6.4. Мэдээллийн технологи, шуудан, харилцаа холбооны газар нь хөтөлбөрийн хэрэгжилтийн явцын талаархи тайланг жил бүрийн I улиралд багтаан Засгийн газарт танилцуулж байна.

Эх сурвалж: Монголын Үндэсний Сансрын зөвлөл

2 СЭТГЭГДЭЛ

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу
Нэрээ оруулна уу