Одон орон, сансар огторгуй сонирхогчид бүлгэмийн гишүүн Цогтгэрэл Гантөмөр -ийн нийтлэлээс:

Яг тэдэн онд баталсан гэхэд хэцүү. Аажим аажмаар их удаан хугацаанд бүрэлдэж бий болсон мэдлэг.

Бүр МЭӨ 3-р зуунд эртний Грекийн философич Аристарх нар төвт системийн санааг дэвшүүлсэн боловч оддын параллакс ажиглагдахгүй байсан учир тэр үедээ хэн ч тоогоогүй. Параллакс гэдэг нь савлаж байгаа савлуур дээрээс хажуу тийшээ жишээ нь мод руу харахад мод савлаж харагддаг үзэгдлийг хэлж байгаа юм. Аристарх өөрөө одод маш хол учраас параллакс ажиглагдахгүй байгаа гэж онолоо аврахыг оролдож байсан.

Сүүлд 1543 оны үед Коперник энэ санааг дахин амилуулсан ч гаригуудын тойрог замыг эллипс гэж мэдээгүйгээс яс юман дээр тооцоо хийхэд Птолемейн дэлхий төвт системээс нарийвчлал нь муу байсан. Гэхдээ нарыг ертөнцийн төвд тавьснаар хэд хэдэн зүйлс чанарын хувьд их хялбарчлагдаж байгааг зарим хүмүүс ажигласан байгаа.

Коперникийн онол үнэн бол оддын параллакс ажиглагдах ёстой. Үүнийг ажиглах гэж Тихо Браге олон нарийн хэмжилт хийгээд бараагүй болохоор (1587 оны үед) нар сар хоёр дэлхийг тойрдог бөгөөд бусад гаригууд нарыг тойрдог эрлийз систем дэвшүүлсэн. Параллакс ажиглагдаагүй учраас дэлхий хөдөлгөөнгүй байх ёстой гэж бодсоноос тэр.

Ингээд Брагег хальсны дараа түүний туслагч байсан Иоганн Кеплер Брагегийн нарийн ажиглалтууд дээр үндэслээд гаригууд нарыг эллипсээр тойрдог төдийгүй тойрохдоо ямар хурдтай явдгийг нь тодорхойлсон хуулиудаа нээж, 1609 онд «Астрономиа Нова» нэртэй номондоо хэвлүүлсэн байна. Үүний дараа тэр хэд хэдэн номондоо гаригуудын байрлалыг өмнөх үеийнхнээсээ дор хаяж 10 дахин их нарийвчлалтай тооцож оруулсан байсан нь Кеплерийн загварыг олонд үнэмшүүлэхэд их үүрэг гүйцэтгэсэн юм.

«Астрономиа Нова» хэвлэгддэг жил Галилео Галилей анх удаагаа шөнийн тэнгэр лүү өөрийн бүтээсэн дуранг чиглүүлж, олон сонирхолтой юм ажигласан. Жишээлбэл нарны толбо, саран дээрх уул нуруу, Бархасбадийн дагуулууд, Сугар гаригийн арвидал хомсдол зэргийг дурдаж болно. Эдгээр ажиглалтууд нь тэнгэрийн эрхэс Аристотелийн номлосончлон төгс төгөлдөр, хиргүй тунгалаг биш, өөр гаригийг бас жижигхэн биетүүд тойрч болдгийг харуулсан. Птолемейн дэлхий төвт систем нь Аристотелийн физик дээр үндэслэгддэг болохоор Галилейн ажиглалтууд суурийг нь ганхуулж эхэлсэн гэсэн үг. Мөн Сугар гаригийн арвидал хомсдолыг Птолемейн системээр тайлбарлах ямар ч боломжгүй. Гэхдээ энэ нь Брагегийн эрлийз системд төвөг учруулахгүй. Тэгэхээр ялангуяа шашныхан Брагегийн систем рүү хэлбийж эхэлсэн.

Энэ хооронд шинжлэх ухааны арга хөгжиж, өөрийн гараар туршилт судалгаа хийх хүмүүсийн тоо олширсон. Оддын параллаксыг ажиглаж нар төвт системийг эцэслэн батлах гэж олон хүн оролдоод мөн л бараагүй. Харин 1676 оны үед Бархасбадийн дагуулуудыг судалж байх явцдаа Оле Рёмер дагуулуудын гаригаа тойрох үе нь дэлхийн байрлалаас хамаарч өөрчлөгдөж байгааг ажигласан. Үүнийг тэр гэрлийн хурдны хязгааргүй биш байдагтай холбож тайлбарласан бөгөөд энэ нь дэлхий хөдөлгөөнтэй байдагтай ямар ч байсан нийцтэй тайлбар байж.

Одоо мэдээж Ньютоны тайзан дээр гарч ирэх цаг. 1687 онд бичсэн номондоо тэрбээр Аристотелийн физикийг газартай тэгшлээд өөрийн шинэ шинжлэх ухааныг сүндэрлүүлэн босгосон байгаа. Уг номонд орсон цоо шинэ үр дүнгүүдээс дурдвал: ертөнц дахины таталцлын хуулийг тухайн үеийн ажиглалтын нарийвчлалын хүрээнд баталсан, Кеплерийн хуулиудыг Ньютоны механикийн мөрдлөгөө мэтээр гаргасан, сүүлт однуудын траекторийг тайлбарласан, нар яг хөдөлгөөнгүй байдаггүй, нарны аймгийн хүндийн төвийг тойрч эргэдгийг урьдчилж хэлсэн, гаригуудын массыг үнэлсэн, сарны хөдөлгөөний нарийн ширийн хэлбэлзлүүдийг тайлбарласан, дэлхийн цүлцэн хэлбэрийг тодорхойлсон, далайн таталт түрэлтийг тайлбарласан, дэлхийн эргэлтийн тэнхлэг 26000 жилийн үетэйгээр хэлбэлздэг явдлыг тайлбарласан зэрэг байна. Үүнээс хойш дэлхий төвт системийн тухай яриа үндсэндээ замхарсан гэж болно.

Гэхдээ нөгөө гайхал параллаксыг хэн ч ажиглаж чадаагүй хэвээр байж. Оддын параллаксыг илрүүлэх гэж оролдож байгаад 1725 онд Жеймс Брэдли юу ажигласан бэ гэвэл, нэг жилийн хугацаанд оддын харагдах байрлал хамгийн ихдээ нумын 40 секунд орчмоор хэлбэлзэж байгааг илрүүлсэн байна. Үүнийг параллаксаар тайлбарлах аргагүй байсан бөгөөд Брэдлиг гэрлийн аберраци гэдэг шинэ үзэгдлийг нээхэд хүргэсэн. Энэ нь чанх дээрээс бороо орж байх үед хурдтай машинаар явахад бороо машины урд шилийг цохиж өнцөг үүсгэж ордогтой адил үзэгдэл гэрлийн хувьд ажиглагдаж байгаа нь юм. Ийнхүү ододтой харьцуулахад дэлхий нэг жилийн үетэй хэлбэлзэх хөдөлгөөн хийж байгаа нь шууд батлагдсанаар дэлхий төвт системүүдийн үнс нурамны сүүлчийн ширхгийг салхинд хийсгэн хөөжээ.

Эцэст нь, одны параллаксыг хэн анх хэмжих вэ гэсэн их уралдаанд Фридрих Бессель 1838 онд Хунгийн ордны 61 дугаартай одны параллаксыг нумын 0.3 секунд гэж хэмжсэнээр түрүүлж, бүтэн хоёр мянганы өмнө эхэлсэн маргаанд цэг тавьжээ.

Зураг дээр: Маралын ордны ойролцоох зарим одны жилийн параллаксыг амилуулж үзүүлсэн нь.

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу
Нэрээ оруулна уу